Нууцлалын бодлого
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж
2.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөнө.
3.2.Монгол Улсын төрийн болон албаны нууцтай танилцсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгсөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах зарчим
4.1.Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй, цаг үеэ олсон байх зарчмыг удирдлага болгоно.
5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
5.1.2."албаны нууц" гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
5.1.3."төрийн болон албаны нууц тээгч" гэж төрийн болон албаны нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;
5.1.4."мэдээллийг нууцлах" гэж төрийн болон албаны нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, эсхүл тараахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;
5.1.5."нууцын зэрэглэл" гэж төрийн болон албаны нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;
5.1.6."төрийн болон албаны нууцтай танилцах эрх" гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг;
5.1.7."төрийн болон албаны нууц хамгаалах ажилтан /цаашид "нууц хамгаалах ажилтан" гэх/ гэж төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцын хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн ажилтан, эсхүл энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтныг;
5.1.8."төрийн болон албаны нууцыг хамгаалах хэрэгсэл" гэж төрийн болон албаны нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, программ хангамжийн, криптографийн болон бусад хэрэгслийг;
5.1.9."төрийн болон албаны нууцыг хамгаалах" гэж төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль зүй, зохион байгуулалт, техник, криптографын болон бусад арга хэмжээний цогцыг;
5.1.10."төрийн болон албаны нууцыг ил болгох" гэж энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн болон албаны нууцын хамгаалалт, нууцлах хугацаа, зэрэглэлийг хүчингүй болгохыг;
5.1.11."төрийн болон албаны нууцыг задруулах" гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн болон албаны нууцтай танилцах эрхгүй этгээдэд хүрсэн байхыг;
5.1.12."төрийн болон албаны нууцыг үрэгдүүлэх" гэж тогтоосон дэглэм, журмыг зөрчсөний улмаас байгууллага, албан тушаалтан, иргэний эзэмшил, ашиглалтаас төрийн болон албаны нууц түр, эсхүл бүрмөсөн гарсныг.