ТӨРИЙН ТАХИЛГАТ БУРХАН БУУДАЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО
2024-07-22
Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо. Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг ийнхүү үйлдлээ. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэж, байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотголоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд талархал илэрхийллээ. Тэрээр хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй Алтайнхан нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульчид Алтайн магтаалаа хайлж, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилга ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?