Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт Хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг “Юнити” секторын Бентью, Париан, Эко, Жамжан болон Зүүн секторын “Бор” сууринд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Тус улсын нийт нутаг дэвсгэрт 2021, 2022 оны борооны улирлаас шалтгаалан үерийн аюул тулгарч, хот, аймаг, сумдыг холбосон үндсэн хангалтын замууд усанд автаж, ашиглах боломжгүй болсон тул тус улсын Засгийн газар нийт нутгийн хэмжээнд төв хангалтын замыг засаж сайжруулах ажлыг эрчимтэй гүйцэтгэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Зүүн секторын “Бор” сууринаас Их Пибор мужийг холбосон үндсэн хангалтын 202 километр зам засварын ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын инженерийн рот хариуцан ажиллаж байгаа юм.
Тухайн газар нутгийн хувьд үерийн улмаас төв хангалтын зам хаагдсанаас эдийн засгийн хүндрэл үүсэж, орон нутгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан ба үүний улмаас Засгийн газрын эсрэг хүчнүүд, омог, аймгуудын зэвсэгт бүлэглэлүүд төв хангалтын зам дагуу дээрэм, хулгай хийх болон бусад хууль бус үйлдлүүд ихээр гарч зам засварын ажилд хүндрэл учирч байгаа тул Секторын командлагчийн тушаалаар Солонгосын инженерийн ротыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүрэгт “Бор” суурин дахь мотобуудлагын ротоос нэг салаа хүртэлх хүчийг томилон ажиллуулж байна.
Энэхүү салаа нь өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Зүүн секторын штаб болон орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс төв хангалтын замын засварын ажлыг тасалдалгүй явуулах, омог, аймгуудын зэвсэгт бүлэглэлүүд хууль бус үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өдөр, шөнийн аль ч нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад талархаж буйгаа илэрхийлж байсан юм.
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?