БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш эхний “ОRА” буюу бэлэн байдлын шалгалтдаа амжилттай шалгууллаа.
Юнити секторын командлагчаар ахлуулсан комисс цэргийн багт хүрэлцэн ирэхэд ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Х.Ууганбаатар хүндэтгэн угтаж батальоны ерөнхий танилцуулгыг илтгэсэн юм.
Үүний дараагаар комиссын бүрэлдэхүүн цувааны хамгаалалт, эмнэлгийн татан гаргалт, шалган нэвтрүүлэх цэг, баазын харуул, хамгаалалт, энгийн иргэдийн хамгаалалтыг зохион байгуулах зэрэг сэдвүүдээр бодит цагийн байдал өгч салбарууд тогтсон ажиллагааны журмын дагуу мандатад заагдсан үүргүүдийг хэрхэн гүйцэтгэж буй болон удирдлагын шийдвэр, холбоо зарлан мэдээлэл оновчтой, найдвартай, тасралтгүй байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтын нэгдсэн дүн гаргах үеэр Юнити секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора хэлсэн үгэндээ Монгол Улсын цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтэд огтхон ч эргэлзэхгүй байгаагаа онцолж цаашдын энхийг сахиулах үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөлөө.
Тус шалгалт нь батальоны штаб бэлэн байдлыг хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг НҮБ-аас тогтоосон стандартын дагуу англи хэл дээр бодит цагийн байдалд нийцүүлэн боловсруулж, салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хэрхэн хангаж буй байдал болон цэргийн алба хаагч нэг бүр гүйцэтгэх үүрэгт сургагдсан байдал, зэвсэглэл, техникийн үүрэг гүйцэтгэх бодит боломжийг шалгаж батальоны бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой юм.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?